ӨМНӨГОВЬ АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ 2009 – 2012 ОНЫ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МӨРИЙН ХӨТӨЛБӨР
Орон нутгийн сонгуулийн үр дүнд шинээр томилогдон ажиллаж
байгаа аймгийн Засаг даргаас Монгол улсын Засгийн газрын үйл
ажиллагааны хөтөлбөр, орон нутагт хэрэгжиж байгаа үндэсний хөтөлбөр,
тогтоол шийдвэрүүд тэдгээрийг дагалдан гарсан дэд хөтөлбөрүүд, аймгийн
бүсчилсэн хөгжлийн хөтөлбөр, ажилгүйдэл ядуурлыг бууруулах хөтөлбөр ,
2008 оны орон нутгийн сонгуульд оролцсон намуудын мөрийн хөтөлбөр
болон иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын санал санаачлагыг
үндэслэн 2009 – 2012 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө
боловсрууллаа.
Өмнөх 4 жилд аймгийн эдийн засаг санхүүгийн чадавхи сайжирч,
бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт, ажлын байрыг нэмэгдүүлэх,
ажилгүйдэл ядууралтай тэмцэх ажлыг орон нутгийн түвшинд оновчтой, үр
дүнд тулгуурласан хэлбэрээр хэрэгжүүлэн, бүс нутгийн түвшинд аймгийн
тэргүүлэх чиг хандлагыг тодорхойлж, хөрөнгө оруулалт бүтээн
байгуулалтын ажлыг эрчимжүүлсэн төдийгүй цааш үргэлжлүүлэн хийх олон
бүтээлч ажлын үндэс суурийг тавьсан юм. Энэхүү үйл ажиллагааны
залгамж чанарыг хадгалж , өнөөгийн өөрчлөгдөн хөгжиж байгаа эдийн
засаг нийгмийн байдал, хүсэн хүлээгдэж байгаа үр дүнтэй уялдуулан
хөтөлбөрийг хэрэгжүүлэх болно.
Өмнөговь аймгийг 2009-2012 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын үйл
ажиллагааны мөрийн хөтөлбөр нь ирэх 4 жилд дараах үндсэн зорилтуудыг
хэрэгжүүлнэ
• Хүмүүнлэг иргэний нийгмийг байгуулахын төлөө хүн амыг
эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцөл
бүрдүүлэх оновчтой бодлого хэрэгжүүлж, хүний хөгжил, хүн
амын өсөлтийг хангах нийгмийн таатай орчин бүрдүүлж,
иргэдийн амьдралын чанарыг сайжруулахыг эрмэлзэх
• Орон нутгийн эрдэс баялагын ордууд, хариуцлагатай уул
уурхайн хөгжилд тулгуурласан, байгаль орчинд ээлтэй
үйлдвэржилтийг дэмжин, нутгийн иргэдэд давуу эрхтэйгээр
хувь хүртээх “Нутгийн хишиг” хөтөлбөр хэрэгжүүлэх
• Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд “Оюу толгой”,
“Таван толгой”, “Овоот толгой”-н их ордыг дагасан Ханбогд,
Цогтцэций, Гурвантэсийн үйлдвэржсэн шинэ хотуудыг
байгуулах, түүнийг холбосон дэд бүтцийг байгуулж эхлэн, сум
бүрт хүн ам, газар зүйн байршил, байгаль орчны даац, ашигт
малтмалын нөөц, орон нутгийн чадавхид уялдуулан жижиг дунд
үйлдвэрийг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх, мэргэжилтэй
ажилтан бэлтгэх замаар ажилгүйдэл ядуурлыг өнөөгийн
түвшнээс бууруулах
• Иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээг сайжруулан,
гэмт хэрэг, архидалт, түүнийг бий болгож буй хүчин зүйлсэд
нөлөөлөх замаар иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах
нөхцлийг бүрдүүлэх
• Иргэдэд үйлчлэх төрийн байгууллага, албан хаагчдын
хариуцлага сахилгыг өндөржүүлэн, шийдвэр гаргах түвшинд
иргэд олон нийтийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлж, төрийн
байгууллагын хүнд суртлыг арилган иргэн бүрт хүрсэн тэгш
үйлчилгээг бий болгох гэсэн үндсэн 5 зорилтыг дэвшүүлж
байна.
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
1.1. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чадавхийг
нэмэгдүүлж, хүн амын өвчлөл эндэгдлийг бууруулан, хүн амын
өсөлтийг хангах нийгмийн таатай орчин бүрдүүлэх зорилтын хүрээнд:
1.1.1. Эрүүл мэндийн Мастер төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлнэ.
1.1.2. Хүн амын өвчлөл нас баралтыг бууруулах зорилгоор эрүүл аж
төрөх хэв маяг, эрүүл мэндээ хамгаалах зөв зан үйлийг төлөвшүүлж, эрүүл
мэндийг дэмжих орчин бүрдүүлнэ
1.1.3. Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчнөөс сэргийлэх, эрт
сэрэмжлүүлэх хариу арга хэмжээ авах, эрсдлийн менежментийг бүрдүүлж
ажиллана
1.1.4. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүчин чадлыг шинэчлэн сайжруулж,
олон улсын жишигт хүрсэн " Говийн бүсийн оношилгоо, эмчилгээний төв
болгон Цогтцэций суманд сум дундын эмнэлэг байгуулах ажлыг судалж,
шийдвэрлэнэ
1.1.5. Эрүүл мэндийн байгууллагын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх,
төрийн оролцоог багасгах зорилгоор сумдын эмнэлгийн оношилгоо,
эмчилгээ лабораторийн чадамжийг сайжруулж, өрхийн болон хувийн эрүүл
мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин өргөжүүлэх замаар
үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.
1.1.6. Нэгдсэн эмнэлэг болон зарим сумдын эмнэлэгт нөхөн сэргээх,
уламжлалт эмчилгээний кабинетуудыг шинээр байгуулах буюу өргөтгөж
тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлнэ.
1.1.7.Иргэдийг жилд нэг удаа нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээнд
хамруулан, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой
иргэдэд эмнэлгийн тусламжийг үнэ төлбөргүй авах эрхийн бичиг олгоно.
1.1.8. Хөдөөгийн хүн амд үйлчлэх иж бүрэн лаборатори бүхий
явуулын эмнэлэг, эмийн сангийн үйлчилгээг нэвтрүүлж, өвчнийг эрт
илрүүлэх боломжийг нэмэгдүүлнэ.
1.1.9. "Эрүүл эхээс эрүүл хүүхэд" зарчмыг хэрэгжүүлж, эх хүүхдийн
өвчлөл эндэгдлийг бууруулна.
1.1.10. Эмч, мэргэжилтэний хангалт, ёс зүй, хариуцлага, мэдлэг, ур
чадварыг дээшлүүлж, тогтвор суурьшилтай бүтээлч ажиллахад дэмжлэг
үзүүлнэ
1.1.11. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлж,
БЗДХ, ХДХВ-ийн халдвар, ДОХ-ын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга
хэмжээг тогтмол зохион байгуулна.
1.1.12. Эмийн эргэлтийн сангийн тогтвортой байдлыг ханган, эмийн
зохистой хэрэглээг иргэдэд төлөвшүүлэн, худалдан авах үйл ажиллагаагаар
нийлүүлэгдэж байгаа эм, эмнэлгийн хэрэгслийн чанарыг сайжруулна.
1.1.13. Нийтийн биеийн тамир чийрэгжүүлэлтийн ажлыг бүх нийтийн
хөдөлгөөн болгон өрнүүлнэ.
1.1.14. Аймгийн баг тамирчдыг Олон улс, улсын чанартай тэмцээн,
уралдаанд оролцоход байгууллага, хамт олны дэмжлэгт оролцоог
нэмэгдүүлнэ.
1.1.15. Үндэсний спортын аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж,
үндэсний спортын цогцолборыг шинээр байгуулна
1.2. Иргэдэд чанартай ажиллаж амьдрах хэрэгцээг нь хангахуйц
албан болон албан бус боловсролын үйлчилгээг тэгш
хүртээмжтэй,тасралтгүй үзүүлж, оюуны өндөр чадамжтай, мэдээлэл
сайтай, бүтээлч хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд:
1.2.1. Аймгийн боловсролын мастер төлөвлөгөөг батлуулан
хэрэгжүүлнэ.
1.2.2. Монгол бичиг, Англи хэл, Сургуулийн өмнөх болон бага,дунд
боловсролын багш бэлтгэх,мэргэжил дээшлүүлэх аймгийн дэд
хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлнэ.
1.2.3. Боловсролын стандартад нийцсэн сургууль,дотуур байр,
цэцэрлэгүүдийг шинээр байгуулж, хүүхдийн сурах, хөгжих нөхцөл бололцоог
бүрдүүлнэ.
1.2.4. Математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай
сургууль,гадаад,дотоодын их дээд сургууль, коллежийн салбар,хувийн
сургууль,цэцэрлэг,дотуур байр байгуулах чиглэлээр төрийн бус
байгууллага, хувийн хэвшлээс гаргасан санал санаачлагыг дэмжиж хамтарч
ажиллана.
1.2.5. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг жил бүр 10%
-иар нэмэгдүүлж, суурь боловсролын хамран сургалтыг 96%-д хүргэнэ.
1.2.6. Сургууль,цэцэрлэгийн үйл ажиллагаанд сурагч,эцэг эх,орон
нутгийн удирдлага,олон нийтийн оролцоог нэмэгдүүлж “Хүүхдэд ээлтэй
орчин” бүрдүүлнэ.
1.2.7. Ерөнхий боловсролын сургууль,цэцэрлэгийг мэргэжлийн
багшаар бүрэн хангаж,цогцолбор болон бүсийн төв,түшиц сургуулиудыг
багшийн мэргэжил дээшлүүлэх,хамтран ажиллах төв болгон,сургууль бүрт
“Хүүхэд хөгжлийн төв” байгуулна.
1.2.8. Мэргэжлийн боловсрол,сургалтын чанар, хүртээмжийг
нэмэгдүүлэн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг Шинжлэх ухаан
технологийн их сургуулийн салбар болгон өргөтгөж, оюуны өндөр
чадамжтай,мэдээлэлжсэн, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэнэ.
1.2.9. Уул уурхай,барилгын үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрийн
ажилтнуудыг бэлтгэх мэргэжил олгох түр сургалтын төвүүдийг Ханбогд,
Цогтцэций, Гурвантэс сумдад байгуулна.
1.2.10. Байгалийн баялагийн ашиглалтын орлогын тодорхой хэсгээр
“Хөгжлийн сан” байгуулж, дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн инженер,
техникийн ажилчдыг гадаад дотоодод сургаж бэлтгэх, дадлагажуулах,шинэ
техник технологи нэвтрүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ.
1.2.11.Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын
“Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгон өргөжүүлж хэрэгжүүлнэ.
1.2.12.Албан бус болон бүх нийтийн тасралтгүй боловсролын хамрах
хүрээ, чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
1.3. Соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг өргөжүүлж,
соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулан, үндэсний
уламжлалт болон орчин үеийн соёл урлагийг хөгжүүлэх зорилтын
хүрээнд:
1.3.1. Соёл, урлагийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг батлан
хэрэгжүүлнэ.
1.3.2. Соёл урлагийн байгууллагуудаас зохион байгуулагдаж байгаа
олон талт ажлын чанар, хүртээмжийг сайжруулан, үйлчилгээнд шинэ арга
хэлбэрийг нэвтрүүлнэ.
1.3.3. Аймгийн хэмжээний соёлын өв, түүх соёлын үл хөдлөх дурсгалт
газар, дурсгалуудын судалгааг баяжуулж, хамгаалалтанд авна.
1.3.4. Аймгийн Музейг өргөтгөж, тэмээ, чулууны үзэсгэлэнгийн
танхимыг шинэчлэн, сумдын музейн сан хөмрөгийг баяжуулж, орон нутаг
судлах кабинетыг тохижуулна.
1.3.5. Номын сангуудын фондыг баяжуулж, сумдын номын санг
электрон программаар хангана.
1.3.6. Ардын уламжлалт урлагийг хөгжүүлэн, нутгийн ая аялага, биет
өвийг хадгалан үлдсэн ардын авьяастнуудын уран бүтээлийг нийтийн
хүртээл болгох үйл ажиллагааг дэмжинэ.
1.3.8. Соёл, урлагийн байгууллагуудыг орчин үеийн шийдэлтэй тоног
төхөөрөмжөөр хангаж, уран бүтээлчдийг чадваржуулна.
1.4. Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, хүний хөгжлийн
зохистой бодлогоор нутгийн иргэдийн амьдралын чадавхийг
дээшлүүлэх зорилтын хүрээнд:
1.4.1. Ажилгүй хүмүүсийг баталгаат ажлын байртай болгох орон нутгийн
нөхцөлийг бүрдүүлэн хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, зуучлалыг сайжруулж
үйлчилгээг боловсронгуй болгон 5000 хүнийг ажилд зуучилна .
1.4.2. Гадаад дотоодын хөрөнгө оруулалттай компаниуд, жижиг дунд
үйлдвэрүүд, банк санхүүгийн байгууллагуудтай хамтран 5000 шинэ ажлын байр бий
болгож, ажилгүйдлийн түвшинг 2.0 хувьд хүргэж бууруулах
1.4.3. Мэргэжлийн боловсрол олгох сургалтуудыг чанаржуулан зах
зээлийн эрэлтэд нийцсэн ур чадвар сайтай 3000 мэргэжилтэй ажилтныг бэлтгэнэ.
1.4.4. Хүн амын бүлгүүд түүний дотор хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад
настны нас биеийн хүчний онцлогт тохирсон хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.
1.4.5. Өрх, гэр бүлийн харилцааны үнэт зүйл, ёс зүйг төлөвшүүлэх, зөвлөн
туслах үйлчилгээний шинэ төрлүүдийг дэмжиж, өрх бүрийг орлогын эх үүсвэртэй
болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлэн, ядуурлыг тууштай бууруулна.
1.4.6. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамж үйлчилгээний төрөл
хэлбэрийг нэмэгдүүлж хүнд хүрсэн оновчтой үйлчилгээг ТББ-ын оролцоотойгоор
хэрэгжүүлнэ.
1.4.7. Нутгийн баялагаас иргэн бүр адил тэгш хүртэх таатай нөхцөл бүрдүүлж
"Нутгийн хишиг" хөтөлбөр боловсруулан Өмнөговийн иргэн бүрт 500000 төгрөгийг үе
шаттайгаар хүртээнэ.
1.4.8. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч, албан бус секторт ажиллагсадын
зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн үйлчилгээг өргөжүүлж, нийгмийн
даатгалын хамрах хүрээг жил бүр 15 хувиар нэмэгдүүлнэ.
1.4.9. Хүүхдийн эрх, хөгжил хамгааллыг сайжруулж, хүүхдийн төлөө бодлого
боловсруулах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд хүүхдийн оролцоог дэмжинэ.
1.4.10. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, Ахмад настны эрүүл мэнд нийгмийн
хамгааллыг сайжруулж, тэдний эрхийг нь хүндэтгэсэн нийгмийн орчинг бүрдүүлнэ.
1.4.11. Өсвөр үе, залуучуудын талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлж, энэ
чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг дэмжиж, хамтран
ажиллана.
ХОЁРДУГААР БҮЛЭГ. ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛ
2.1. Аймгийн төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэн,
зарлага санхүүжилтийг оновчтой хуваарилж, хэмнэлттэй зарцуулах,
төрийн сангийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хөрөнгө
санхүүгийн эх үүсвэрээр орон нутгийн хөгжлийг дэмжих зорилтын
хүрээнд:
2.1.1. ДНБ-д үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бүтээгдэхүүний
хувийн жинг нэмэгдүүлэн, ДНБ-ний жилийн дундаж өсөлтийг хангаж, эдийн
засгийн хөгжлийн хурдацыг нэмэгдүүлнэ.
2.1.2. Төсвийн төлөвлөлтийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж,
төсвийн төлөвлөлт, санхүүжилт, тайлагналт, хяналтыг сайжруулан,
хариуцлагын тогтолцоог бий болгоно.
2.1.3. Төсвийн урсгал зардлыг зохистой түвшинд хязгаарлан, эдийн
засаг, нийгмийн салбарын хөгжлийн мастер төлөвлөгөөнүүд, үндсэн чиглэлд
тулгуурлан хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нь дээшлүүлнэ.
2.1.4. Төрийн сангийн нэгдсэн дансны тогтолцоог боловсронгуй
болгож, Засгийн газрын санхүүгийн удирдлага, мэдээллийн системийг
өргөжүүлнэ.
2.1.5. Төрийн албан хаагчдад олгох говийн нэмэгдлийг үргэлжлүүлэн
олгоно
2.1.6. Аймгийн Бүртгэл хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг бүрэн
хэрэгжүүлнэ.
2.1.7. Орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдэд аудит хийлгэн, тэдний
өнөөгийн байдал, хүрсэн түвшинг тодорхойлуулан, цаашдын гүйцэтгэл, үр
дүн, нөлөөг сайжруулна.
2.1.8. Татварын бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлж, татвар
төлөгчдийг идэвхижүүлэх, урамшуулах аргыг зохистой хослуулах арга
хэлбэрийг боловсронгуй болгох, татвараа зайлшгүй төлөх, тайлагнах
ухамсар, идэвхийг татвар төлөгчдөд төлөвшүүлэх замаар татварын бааз
суурийг өргөжүүлнэ.
2.1.9. Татвар хураалт, хяналтын бүхий л үйл ажиллагааг бүх шатанд
зохион байгуулж, удирдлага мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбоно.
2.1.10. Худалдан авах ажиллагааны хариуцлага, зохион байгуулалтыг
сайжруулж, худалдан авах ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлнэ.
2.1.11. Бүх нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлж, санхүүгийн
зах зээлийн үйлчилгээг нэмэгдүүлэн түүний нийгмийн амьдралд үзүүлэх үр
нөлөөг дээшлүүлнэ.
2.1.12. Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл хяналтыг
сайжруулж, орон нутгийн өмч хөрөнгийн нэгдсэн кодчилол, төрөлжилтийг
хийж, мэдээллийн санг бий болгоно.
2.1.13. Төрийн болон орон нутгийн өмчийн бүрэн бүтэн байдлыг
хангаж, хөрөнгийн өгөөж, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж, удирдлагад
мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлэх замаар, шинээр хөрөнгө бэлтгэх
тогтолцоог боловсронгуй болгоно.
2.1.14. Статистикийн мэдээлэл боловсруулалтын бүх үе шатанд
өртөг зардал багатай, шуурхай байдлыг хангасан техник технологийг
нэвтрүүлэн, хүчин чадлыг нэмэгдүүлж, мэдээллийн чанарыг дээшлүүлэн
засаг захиргааны нэгжийг цахим сангаар хангана.
2.1.15. Банкны үйлчилгээнд сүүлийн үеийн дэвшилтэт техник
хэрэгсэл, технологи нэвтрүүлэн бүтээгдэхүүний нэр төрөл тоог олшруулж,
бага дунд орлоготой болон хөдөөгийн алслагдсан сумдын хүн амын
амьжиргааны түвшинг дээшлүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, жижиг дунд
үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлээр хүү багатай зээл болон барьцаагүй зээл
олгох үйл ажиллагааг дэмжинэ.
2.2. Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлэх
зорилтын хүрээнд:
2.2.1 Хүн амын эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хүнсний
бүтээгдэхүүн, ундны усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлж, усны хатуулаг
эрдэсжилт ихтэй зарим сумдад ус цэнгэгжүүлэх дэвшилтэт технологи
нэвтрүүлнэ.
2.2.2. Хүнсний бүтээгдэхүүний чанарын баталгааг тогтоох
лабораторыг хилийн боомтод ажиллуулахын зэрэгцээ сүү махан
бүтээгдэхүүний лабораторын сүлжээг орон нутагт бий болгоно.
2.2.3. Нутагшсан сортын үрээр орон нутгийн хэрэгцээг хангаж, газар
тариаланд услалтын шинэ технологи нэвтрүүлэх, бүс нутагт тохирсон
хүнсний ногооны нэр төрлийг нэмэгдүүлэх замаар хүн амын төмс, хүнсний
ногооны хэрэгцээний 50 хувийг орон нутагтаа хангана.
2.2.4. Атрын 3 дахь аяны хүрээнд сум бүрт хүлэмж, зоорийн аж ахуйг
хөгжүүлж нэгж талбайгаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх, услалтын
систем засварлах шинээр барих ажилд улсын болон орон нутгийн төсвийн
хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
2.2.5. .Жимсний эх суулгац үржүүлэх талбайг шинээр байгуулж, үр
суулгацаар жимс үржүүлэгчдийн хэрэгцээг хангах замаар жимс жимсгэнэ
тариалах талбайг 2 дахин нэмэгдүүлнэ.
2.2.6. Мал эмнэлгийн нэгжүүдийг чадавхжуулж, урьдчилан сэргийлэх
арга хэмжээг төрөөс хариуцаж санхүүжүүлэх замаар эрүүл мал бүхий аймаг
болохыг баталгаажуулна
2.2.7. Орон нутагт голомтлон гардаг болон мал амьтаны болзошгүй
өвчнүүдийг эпизотологийн судалгааны дагуу урьдчилан сэргийлэх арга
хэмжээнд хамрагдах хүрээг өргөтгөнө.
2.2.8. Бүсийн тулгуур төвүүд болон уул уурхайн орд газруудыг
түшиглэн эрчимжсэн аж ахуй хөгжүүлэх, сумдын онцлогт тохирсон загвар
фермер болон өрхийн аж ахуйг бодлогоор дэмжин зохицуулж, нутгийн өөрөө
удирдах байгууллагуудтай хамтран ажиллана.
2.2.9. Нутгийн сонгомол омог хэвшлийн малыг цэврээр үржүүлэх
замаар нутгийн эх сүргийн үржил, үйлдвэрлэлийн бааз суурь бий болгож,
цөм сүргийн малын тоо толгойг өсгөх,төлөөр өссөн тэмээ тутамд мөнгөн
урамшуулал олгох замаар тогтвортой өсөлтийг хангана.
2.2.10. Биотехнологийн ололтыг тууштай нэвтрүүлэх, өндөр ашиг
шимт малын гүн хөлдөөсөн үрээр хээлтүүлэх ажлыг өргөжүүлнэ.
2.2.11. МААЭШХ-ийн Говийн бүсийн салбарын үйл ажиллагааг
өргөтгөн тэмээ, ямаа судлалын чиглэлийн болон бэлчээрийн талхагдлыг
бууруулах арга хэмжээг хавсран гүйцэтгүүлнэ.
2.2.12. Үерийн хөв далан байгуулж бэлчээр, газар тариаланг
усжуулах, таримал бэлчээр бий болгох, талбай хаших зэргээр ургацыг
нэмэгдүүлэх арга хэмжээг дэмжин урамшуулж, бэлчээрийн менежментийг
сайжруулна.
2.2.13. Инженерийн хийцтэй уст цэг сэргээн засварлах, шинээр гаргах
ажлыг үргэлжлүүлэх, уст цэгийн геофизикийн эрэл хайгуулын ажлыг зохион
байгуулж, бага гүний уст цэгийн хайгуул хийх, энгийн уурхайн худаг гаргахад
иргэдийн оролцоог сайжруулж, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлнэ.
2.2.14. Малын тэжээлийн ургамал тариалах ажлыг өргөжүүлж, тэжээл
үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг дэмжих замаар орон
нутгийн хэрэгцээт тэжээлийн тодорхой хувийг хангах арга хэмжээг зохион
байгуулна.
2.2.15. ХХАА-н салбарт хөдөлмөрөө хорших, хөрөнгө хүчээ нэгтгэх,
хоршоо нөхөрлөл хэлбэрээр ажиллахыг бодлогоор дэмжинэ.
2.2.16. Малчин хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
2.2.17. Хөдөөгийн иргэд бэлтгэсэн түүхий эд, бүтээгдэхүүнээ
хэрэглэгчдэд шууд худалдаалах боломж бүхий мэдээллийн технологид
суурилсан биржийн сүлжээ байгуулна.
2.3. Аймгийн дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлэн хот хөдөөгийн
хөгжлийн ялгааг багасгах зорилтын хүрээнд:
2.3.1. Аймгийн бүх сум сууринг байнгын цахилгааны найдвартай эх
үүсвэртэй болгоно.
2.3.2. Улаанбаатар-Мандалговь-Таван толгой-Оюу толгой чиглэлийн
220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барина.
.
2.3.3. Тавантолгой-Даланзадгадын чиглэлд 110 кВ-ын цахилгаан
дамжуулах агаарын шугамыг барина.
2.3.4. Нарийн сухайтын орд-Ноён, Сэврэй сумдыг 35/15 кВ-ын
цахилгаан дамжуулах агаарын шугамаар холбоно.
2.3.5. Даланзадгадын ДЦС-ын зуухны хүчин чадлыг нэмэгдүүлж
цахилгаан, дулаан хангамжийн найдвартай ажиллагааг хангана.
2.3.6. Цогт-Цэций, Баян-Овоо сумдын гадна дулааны шугам сүлжээг
шинэчлэн засварлан, цэвэр усны шугамд холбож, Даланзадгад хотын
дулааны шугам сүлжээг ерөнхий төлөвлөлтийн дагуу шинэчлэн сайжруулна.
2.3.7. Даланзадгад хотын цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн дэд
станц, шугамыг ерөнхий төлөвлөгөөний дагуу орчин үеийн тоног
төхөөрөмжөөр тоноглон кабель шугамаар шинэчлэн өргөтгөнө.
2.3.8. Аймгийн төвийн орон сууцуудыг хэрэглээний халуун устай
болгох ажлыг хэрэгжүүлнэ.
2.3.9. Улаанбаатар- Мандалговь- Даланзадгад, Даланзадгад-
Тавантолгой- Оюутолгой- Гашуун сухайт, Шивээ хүрэн-Гурвантэсийг
холбосон хатуу хучилттай авто замын сүлжээг байгуулна.
2.3.10. Даланзадгад- Баяндалай- Хонгорын элс-Сэврэй, Даланзадгад-
Булган- Мандаловоо чиглэлийн хатуу хучилттай авто зам тавих бэлтгэлийг
хангана.
2.3.11. Орон нутгийн авто зам арчлалтын салбарын үйл ажиллагааг
өргөтгөн бэхжүүлнэ.
2.3.12. Даланзадгад хот доторх 4,9 км хатуу хучилттай авто замыг
шинээр барина.
2.3.13. “Гурван сайхан” нисэх онгоцны буудлын барилга
байгууламжийг өргөтгөн олон улсын статустай болгоно.
2.3.14. Цогтцэций- Гашуун сухайт, Монгол улсын хилээс-Нарийн
сухайт чиглэлийн төмөр зам баригдаж, Цогтцэций, Овоотын нисэх буудлыг
барих, зурвасыг хатуу хучилттай болгох, шинэчлэх ажил хийгдэнэ.
2.3.15. Шуудан хүргэлтийн давтамжийг нэмэгдүүлэх зорилгоор нөхөн
олговор олгож, орон нутгийн зорчигч, шуудан тээвэрлэлтийн хэвийн
найдвартай ажиллагааг хангана.
2.3.16. Бүх сумдад зөөлөн дэд бүтцийг байгуулж, интернетийн нэгдсэн
сүлжээтэй болгон малчдын гар утас ашиглах боломжийг бүрдүүлнэ.
2.3.17. “Буман нарны гэрэл” үндэсний хөтөлбөрийн хүрээнд малчин
өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангана.
2.4. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдсан хот
байгуулалт, газар ашиглалтын оновчтой бодлогыг хэрэгжүүлж,
иргэдийн амьдрах таатай орчинг бүрдүүлэх зорилтын хүрээнд:
2.4.1. Аймгийн бичил бүсүүдийг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж,
бүсийн төвүүдийг орчин үеийн төлөвлөлттэй төв суурин болгон хөгжүүлэх
бодлогыг хэрэгжүүлнэ.
2.4.2. Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны суурь
судалгаанд тулгуурлан орон нутгийн хөгжлийн бодлогыг шинэчлэн
боловсруулж мөрдөнө.
2.4.3. Баруун бүс, Баяндалай, Хүрмэн сумдын хөгжлийн мастер
төлөвлөгөөг “Төвийн бүсийн зөвлөл”-тэй хамтран хэрэгжүүлж, бүсийн
сумдыг хөгжүүлнэ.
2.4.4. Гашуун сухайт, Шивээ хүрэнгийн хилийн боомтуудын хөгжлийн
ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлнэ.
2.4.5. Даланзадгад сумыг загвар хот болгон хөгжүүлэх зорилгоор
“Шинэ Даланзадгад” хотын ерөнхий төлөвлөгөөг бооловсруулан хэрэгжүүлж
эхлэнэ.
2.4.6. Ноён, Мандал-овоо, Манлай, Сэврэй, Хүрмэн, Ханхонгор,
Номгон сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлнэ.
2.4.7. Даланзадгад хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол
хийх замаар хот төлөвлөлтийг боловсронгуй болгоно.
2.4.8. Иргэн бүрд газар олгох тухай хуулийг орон нутагт хэрэгжүүлэх
ажлыг эрчимжүүлж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд нь газар эзэмшүүлэх,
хувийн орон сууц барихад нь дэмжлэг үзүүлэх зэргээр иргэдээ үл хөдлөх
хөрөнгөтэй болгоход чиглэсэн бодлогыг хэрэгжүүлнэ.
2.4.9. “100000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд орон сууцны
фондыг өсгөж, бага дунд орлоготой иргэдийн орон сууцны хангамжийг
нэмэгдүүлнэ.
2.4.10. Даланзадгад хотын усан хангамж, ариутгах татуургын шугам
сүлжээг ерөнхий төлөвлөгөөний дагуу шинэчилж, зарим гэр хорооллыг
төвлөрсөн системд холбох ажлыг үе шаттайгаар гүйцэтгэнэ.
2.4.11. Хүн амын ундны усан хангамжийг сайжруулах зорилгоор
цэнгэгжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх ба орон нутагт нийтийн аж ахуйн
салбарыг хөгжүүлнэ.
2.4.12. Сумдын төвүүдийг цэвэр, бохир усны төвлөрсөн шугаманд
холбох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
2.4.13. Барилга байгууламжийн газар хөдлөлтийг тэсвэрлэх үнэлгээ
хийн паспортжуулж, мэдээллийн санг бий болгоно.
2.4.14. Орон нутгийн эрдэс түүхий эдийг түшиглэсэн барилгын
материалын үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд дэмжиж ажиллана.
2.4.15. Төрийн захиргааны болон нийгэм соёлын байгууллагын
барилга байгууламжийг шинээр барих, засвар шинэчлэлтийн ажлыг хийж,
барилга байгууламжийн ашиглалтыг сайжруулна.
2.4.16. Даланзадгад хотын төвийн гудамж талбай, гэр хорооллын
гэрэлтүүлэг болон явган хүний зам, гарцыг шинэчлэн засварлаж, хотын
өнгө үзэмжийг сайжруулна.
2.5. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлснээр ажлын байр
нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах зорилтын хүрээнд:
2.5.1. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санг өргөтгөж, зээлийн
таатай орчинг бүрдүүлэн, төрийн зүгээс аж ахуй эрхлэхэд учруулдаг
дарамтыг арилгана.
2.5.2. Даланзадгад суманд үйлдвэрлэл, бизнесийн ордон барьж,
“Бизнес инкубатор”-ын үйлчилгээ үзүүлнэ.
2.5.3. Сумдад жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор 50 саяас
доошгүй төгрөгийн эх үүсвэртэй "Үйлдвэрлэл хөгжүүлэх сан" байгуулах
замаар мал аж ахуйн гаралтай түүхий эд, орон нутгийн нөөцөд түшиглэсэн,
зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн жижиг дунд үйлдвэрийг сум бүрт
ээлж дараатайгаар шийдвэрлэнэ.
2.5.4. Даланзадгад болон хүн ам олноор суурьшсан сум суурин газарт
мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, хөргөх зоорь, мал нядалгааны
зориулалтын цэг болон ингэний сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, оёдлын
үйлдвэр байгуулна.
2.5.5. Даланзадгад болон бусад сумдад ажиллаж байгаа
үйлдвэрүүдийг өргөтгөх, бүсийн тулгуур төвүүдэд малын гаралтай түүхий эд
боловсруулах, барилгын материалын үйлдвэр байгуулах төсөл хөтөлбөрийг
дэмжинэ.
2.5.6. Стандартчилал Хэмжил зүйн төвийн лабораторийг нарийвчлал
өндөртэй эталон хэмжүүрээр хангаж, лабораторийн орчин нөхцлийг
сайжруулна.
2.6. Байгаль орчны менежментийг оновчтой болгон, байгалийн
эвдэрсэн, элэгдсэн, бохирдсон орчныг нөхөн сэргээх, цэвэршүүлэх,
эрүүлжүүлэх ажлыг нэн тэргүүнд шийдвэрлэн, байгалийн нөөц
баялагийг ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилтын хүрээнд:
2.6.1. Нутгийн ард иргэдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан
нөхөрлөл, төрийн бус байгууллагуудад байгалийн нөөц баялагийн тодорхой
хэсгийг хуулийн хүрээнд хариуцуулан, эзэмшүүлэх замаар байгаль орчныг
хамгаалах үйл ажиллагааг сайжруулна.
2.6.2. Говь нутгийнхаа экологийн тэнцвэр байдлыг хадгалах, элэгдсэн,
эвдэрсэн, бохирдсон орчныг нөхөн сэргээж, эрүүлжүүлэх, иргэдийн
экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль хамгаалах уламжлалт аргыг
сэргээх, хуримтлуулсан туршлага, ололтыг дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль
ээжээ хамгаалъя” хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
2.6.3. Мод бут тарих, тарьц суулгац ургуулах хөдөлгөөнийг дэмжиж,
мод үржүүлгийн аж ахуйг Даланзадгад, Ханхонгор, Булган суманд өргөтгөн
байгуулна.
2.6.4. Аймгийн байгаль орчны мэдээллийн нэгдсэн санг бий болгож,
олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулна.
2.6.5. Даланзадгад болон бусад сумдын төв, суурин газрын хог
хаягдлын менежментийг боловсронгуй болгох арга хэмжээг авч
хэрэгжүүлнэ.
2.6.6. Хот суурин болон авто замын дагуух газруудын агаар, ус
хөрсний бохирдол, тоосжилтыг багасгаж, иргэдийн ажиллаж амьдрах эрүүл
орчныг бүрдүүлэхэд чиглэсэн ажлыг төлөвлөн хэрэгжүүлнэ.
2.6.7. Амьтан, ургамлын нөөцийг хамгаалах, зохистой ашиглах
менежментийг сайжруулж, тэдгээрийн байгалийн жамаар өсөн үржих, нөхөн
сэргэх таатай нөхцлийг бүрдүүлэх, булаг шандны эхийг хамгаалах
чиглэлээр ажиллаж буй байгууллагуудыг дэмжиж, хамтарч ажиллана.
2.7. Говийн унаган байгаль, үзэсгэлэнт газрууддаа тулгуурлан
бүсийн олон улсын нэгдсэн сүлжээнд холбогдсон хариуцлагатай
аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон
хөгжүүлэх зорилтын хүрээнд:
2.7.1. Аймгийн аялал жуулчлалын бодлогыг боловсронгуй болгон
шинэчлэж, энэ салбараас орон нутгийн ард иргэдэд тусах үр ашгийг
нэмэгдүүлнэ.
2.7.2. Орон нутгийн тур операторыг шинээр бий болгох замаар аялал
жуулчлалын гадаад, дотоод сүлжээг өргөжүүлж, БНХАУ-тай хил орчмын
аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
2.7.3. Говь гурван сайханы байгалийн цогцолборт газар болон орон
нутгийн тусгай хамгаалалттай газруудыг аялал жуулчлал, амралт
сувилалын сүлжээнд хамруулан, шинээр жуулчны бааз, амралтын газар
байгуулж эхэлнэ.
2.7.4. Жуулчдын сонирхолыг татахуйц нутгийн уламжлалт болон
бренд бүтээгдхүүнийг сурталчлан, худалдан борлуулах боломжийг
бүрдүүлэх замаар нутгийн ард иргэдийн орлогыг нэмэгдүүлнэ.
2.7.5. Орон нутгийн онцлогийг харуулсан гадаадын жуулчдыг татахуйц
“Үлэг гүрвэлийн парк”-ийг Булган сумын Баянзагт байгуулна.
2.8. Орчин үеийн техник, технологийг нэвтрүүлсэн, байгаль
орчинд хохирол багатай, хариуцлагатай уул уурхайг тэргүүлэх салбар
болгон хөгжүүлэх, орлогын тодорхой хувийг орон нутгийн хөгжилд
зарцуулдаг болох зорилтын хүрээнд:
2.8.1. Өмнөговь аймагт уул уурхайг хөгжүүлэх бодлогыг
боловсруулан, байгалийн баялагын ашиглалтын орлогын тодорхой хэсгээр
“Хөгжлийн сан” байгуулан, аймгийн хөгжлийн төлөө зарцуулна.
2.8.2. Таван толгойн нүүрсний, Оюу толгойн зэс-алтны ордуудыг
ашиглаж эхлэх ба эдгээр ордод түшиглүүлэн уул уурхай-металлурги-эрчим
хүчний цогцолборыг барьж байгуулах ажлыг эхлүүлнэ.
2.8.3. Таван толгой, Овоот толгойн нүүрсний орд газрыг түшиглэсэн
баяжуулах, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар эцсийн
бүтээгдхүүнийг бий болгон дотооддоо борлуулах, экспортлох бодлогыг
төлөвлөж хэрэгжүүлнэ.
2.8.4. Ашигт малтмал олборлох, хайгуул судалгаа хийхээр зөвшөөрөл
авсан аж ахуйн нэгжтэй аймаг, сумын түвшинд хөрөнгө оруулалт, бүтээн
байгуулалтын талаар гэрээ байгуулж, хамтарч ажиллана.
2.8.5. Хууль тогтоомжийн хүрээнд орчин үеийн бичил уурхайг
хөгжүүлнэ.
2.8.6. Ой, усны сан бүхий газар, түүний хамгаалалтын бүс,
бэлчээрийн нөөц бүхий газарт ашигт малтмал олборлохыг хориглох,
байгаль орчин, хүний эрүүл мэндэд халтай арга технологиор уул уурхайн
үйлдвэрлэл явуулахыг бүрэн зогсоох арга хэмжээ авна.
2.8.7. Ашигт малтмалын хайгуул судалгаа, олборлолтын үйл
ажиллагаа, тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг нээлттэй, ил тод болгож,
иргэдийн тавих хяналтыг дээшлүүлнэ.
2.8.8. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх үүднээс ашигт
малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн
нэгжийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд тавих хяналт шалгалтыг
чангатган, хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ. НУТГИЙН ЗАХИРГАА, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
3.1. Иргэдэд үйлчлэх төрийн байгууллага, албан хаагчдын
хариуцлага сахилгыг өндөржүүлж, ил тод байдлыг хэвшүүлэн,
шийдвэр гаргах түвшинд иргэд, олон нийтийн оролцоо, хяналтыг
нэмэгдүүлж, төрийн байгууллагын хүнд суртлыг арилган, иргэн бүрт
хүрсэн тэгш үйлчилгээг бий болгох зорилтын хүрээнд:
3.1.1 Төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд ил тод нээлттэй
байдлыг хангасан хариуцлагын шудрага тогтолцоог бүрдүүлж, хүнд суртлыг
арилган, иргэн бүрт хүрсэн тэгш үйлчилгээг бий болгоно.
3.1.2 Иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг хөхүүлэн
дэмжиж, төр-хувийн хэвшил-ТББ-ын гурван талт хамтын ажиллагааг
хөгжүүлэн, төрийн ачааллыг багасгах зорилгоор төрийн зарим ажил
үйлчилгээг захиалга, гэрээгээр шилжүүлэн гүйцэтгэх хэлбэрт шилжинэ.
3.1.3. Төрийн бүхий л салбарын үйл ажиллагааг ил тод нээлттэй
болгох зорилгоор иргэний нийгмийн байгууллага /ТББ/-аас тавих хяналт,
оролцоог нэмэгдүүлэн хамтарч ажиллаж, авлигаас урьдчилан сэргийлэх
авлигатай тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
3.1.4. Мэргэжил, ур чадвартай боловсон хүчнээр төрийн жинхэнэ
албаны нөөцийг бүрдүүлж, төрийн албан хаагчийн амьдралын нөхцөл
бололцоо, ажлын үр дүн, тогтвор суурьшил зэргийг харгалзан тэтгэмж,
тусламжид хамруулах, хөнгөлөлттэй зээл олгох, орон сууцны сангийн
хөрөнгийг нэмэгдүүлэх замаар нийгмийн баталгааг сайжруулна.
3.1.5. Боловсон хүчнийг гадаадын улс орнуудад мэргэшүүлэх,
мэргэжил дээшлүүлэх сургалтанд шат дараатайгаар хамруулна.
3.1.6. Төрийн байгууллагуудыг манлайлагч, суралцагч байгууллага
болгон хөгжүүлж, өөрчлөгдөж буй орчинд зохицож чаддаг уян хатан,
идэвхитэй санаачлагатай төрийн албан хаагчийг төлөвшүүлнэ.
3.1.7. Төрийн болон нутгийн захиргааны байгууллагын үйл
ажиллагаанд хийх хяналт шинжилгээний чадавхи, үр нөлөөг дээшлүүлнэ.
3.1.8. Засаг захиргааны анхан шатны нэгж болсон багийн хөгжлийг
дэмжих замаар төрийн үйлчилгээг хөдөөгийн иргэдэд ойртуулна.
3.1.9. Сумдын Засаг даргын Тамгын газар болон төрийн
байгууллагуудын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, мэдээллийн
шуурхай байдлыг хангана.
3.1.10. Иргэдээс гарсан өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн байдлыг
хянах, цахим нээлттэй системийг бий болгоно.
3.1.11. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын ажиллах орчинг
сайжруулах замаар үр дүнтэй ажиллах нөхцлийг бүрдүүлнэ.
3.1.12. Архивын баримтын хадгалалт, хамгаалалтын нөхцлийг
сайжруулах үүднээс аймгийн архивыг зориулалтын барилгатай болгож,
сумдын архивын материалыг стандартын шаардлага хангасан байранд
төвлөрүүлэн хамгаалж архивын хадгалалт хамгаалалтыг сайжруулна
3.1.13. Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд
мэдээллийн технологи нэвтрүүлнэ.
3.1.14. БНХАУ-ын ӨМӨЗОрны аймгуудтай найрсаг харилцаатай байж,
нийгэм эдийн засгийн бүхий л түвшинд хамтран ажиллана.
3.1.15. АНУ, Япон, Солонгос, ОХУ зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй
орнуудтай хамтын ажиллагааны хүрээгээ өргөжүүлж, харилцан ашигтай
байх зарчмыг баримтлан ажиллана.
3.1.16. Гашуун сухайт-Шивээ хүрэнгийн хилийн боомтыг байнгын үйл
ажиллагаатай болгож, гуравдагч хилийн боомт нээх асуудлыг судалж
шийдвэрлэнэ.
3.2. Эрх зүйн шинэтгэлийг орон нутагт гүнзгийрүүлэн, хүний эрх,
эрх чөлөө, амьдрах аюулгүй орчныг хангах, түүнийг баталгаажуулах,
гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилтын
хүрээнд:
3.2.1. Төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан эрх зүйн хэм
хэмжээ тогтоосон захиргааны актыг судалж, төрийн үйлчилгээний хүнд
суртал бий болгосон дүрэм, журмуудыг хуульд нийцүүлнэ.
3.2.2. Эрх зүйн сургалт, сурталчилгааг зохион байгуулан, иргэдэд эрх
зүйн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх, зөрчигдсөн эрхийг нь сэргээхэд
төрийн байгууллагуудын үйл ажиллагааг чиглүүлсэн бодлого баримтална.
3.2.3. Хууль тогтоомжийн лавламжийн сангийн системчлэл, зохион
байгуулалтыг боловсронгуй болгож, үйлчилгээний хүртээмж, үр нөлөөг
дээшлүүлнэ.
3.2.4. Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний
хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, архидалт түүнийг бий болгож буй
хүчин зүйлсийг илрүүлэн, арилгах арга хэмжээг зохион байгуулна.
3.2.5. Иргэдийн амь бие, эд хөрөнгө, нэр төрийг гэмт халдлагаас
хамгаалах, тэдний аюулгүй, амгалан тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд
чиглэсэн цогц арга хэмжээг авч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн
хэв журам хамгаалах ажилд иргэдийг татан оролцуулж, орон нутагт
зонхилон гарч байгаа гэмт хэрэгтэй тэмцэнэ.
3.2.6. Хууль сахиулах байгууллагуудын тусгаарлах байрны орчин
нөхцлийг стандартад нийцүүлэн сайжруулна.
3.2.7. “Монгол улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”-ийн
хэрэгжилтийг эрчимжүүлж, хүний эрх, эрх чөлөөг хангах баталгаа,
боломжийг өргөтгөнө.
3.2.8. Иргэний биеийн өгөгдөл болон бусад төрлийн мэдээллийг
агуулсан "Иргэний ухаалаг үнэмлэх" хөтөлбөрийг үе шаттайгаар
хэрэгжүүлнэ.
3.3. Хууль хяналтын болон цэрэгжсэн байгууллагын үйл
ажиллагааг төр, захиргааны байгууллагуудтай уялдуулан зохицуулж,
ажил үйлчилгээг иргэдэд ойртуулан, улсын хил хамгаалалтын
чадавхийг бэхжүүлэх зорилтын хүрээнд:
3.3.1. Замын хөдөлгөөн, гудамж талбайд гэмт хэрэг, эрх зүйн
зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор телекамерийн хяналтын
системийг Даланзадгад суманд бий болгоно.
3.3.2. Цагдаагийн хэлтсийг Цагдаагийн газар болгон өргөтгөх
асуудлыг шийдвэрлүүлж, Тавантолгойн нүүрсний уурхай, Гашуун сухайтын
хилийн боомтыг хариуцсан гэрээт цагдаагийн тасаг байгуулна.
3.3.3. Цагдаагийн ажил үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор
цагдаагийн кобон барих ажлыг үе шаттайгаар зохион байгуулна.
3.3.4. Нийгмийн хэв журмыг хамгаалах байгууллагуудыг зориулалтын
техник хэрэгслээр хангах замаар “Хөдөлгөөнт эргүүл”-ийн тогтолцоонд
шилжүүлнэ.
3.3.5. Хууль сахиулах байгууллагын алба хаагчдын мэргэжил,
мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх, сургалтын материаллаг баазыг
сайжруулах арга хэмжээ авна.
3.3.6. Гадаадын иргэдийн бүртгэл, хяналтыг сайжруулна.
3.3.7. Гамшгаас сэргийлэх, гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах,
аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааны шуурхай
байдлыг хангана.
3.3.8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албыг бэхжүүлж, шийдвэр
гүйцэтгэлийн ажлын үзүүлэлт, чанарыг дээшлүүлэн, шийдвэр гүйцэтгэлийн
бодит биелэлтийг жил бүр 80-аас доошгүй хувиар хангаж ажиллана.
3.3.9. Терроризмаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, сөрөг
тусгай ажиллагааны бэлэн байдлыг хангахад мэргэжлийн байгууллагуудын
хамтын ажиллагааг чиглүүлнэ.
3.3.10. Хил хамгаалах байгууллагын холбоо мэдээллийн тогтолцоо,
хил хамгаалалтын техник хангамжийг шинэчлэх арга хэмжээ авна.
3.3.11. Хилийн застав, хилийн боомтод ажиллаж байгаа албан
хаагчдын хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлнэ.
3.3.12. Хууль хяналтын болон цэрэгжсэн байгууллагын үйл
ажиллагааг төр, захиргааны байгууллагуудтай уялдуулан зохицуулах үйл
ажиллагаанд мэдээллийн шинэ технологи нэвтрүүлнэ.
3.3.13. Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоонд шилжих боломжийг
бүрдүүлж, бүртгэл мэдээллийн үйлчилгээг цахим хэлбэрт оруулна.
3.4. Батлан хамгаалах болон цэргийн шинэчлэлийн бодлогыг
үргэлжлүүлэн хэрэгжүүлж, орон нутгийн хамгаалалтын тогтолцоог
төлөвшүүлэх зорилтын хүрээнд:
3.4.1. Хилийн болон Зэвсэгт хүчний анги салбаруудын бие
бүрэлдэхүүний нийгэм, соёлын асуудлыг анхаарч дэмжлэг үзүүлнэ.
3.4.2. Орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бэхжүүлнэ.
3.4.3. Цэргийн дүйцүүлэх албаны үйл ажиллагааны үр дүнг
дээшлүүлнэ.